Асуулт Хариулт

Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна

-Ажилчин албан хаагчид олгож буй хоол, унааны зардал, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлтөнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах уу?

-Нийгмийн даатгалын тухай хуулийн  32  дугаар  зүйлд  нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхой тусгаж  хуульчилсан  байгаа.

Даатгуулагчдад олгож буй  дээр дурдсан хоол, унааны зардал, түлээ, нүүрсний хөнгөлөлт нь   Нийгмийн даатгалын тухай хуулийн  32 зугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т  заасан “аж ахуйн нэгж, байгууллагаас ажилтанд олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого”-д  хамаарах тул шимтгэл ногдуулах  сарын хөдөлмөрийн хөлс, орлогын бүрэлдэхүүнд оруулан тооцно.

Иймээс аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, орлогын бүрэлдэхүүнд орох орлогыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу үнэн зөв тооцож тодорхойлох үүрэгтэй.

Нийгмийн даатгалд заавал даатгуулах ёстой

-Гэрээт ажлын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой юу?

-Монгол улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 зүйлийн 4.2.1-д өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл Иргэний хуулийн 343, 359 /Ажил гүйцэтгэх, болон хөлсөөр ажиллах гэрээний/ дүгээр зүйлд зааснаар иргэнтэй байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн , гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд Заавал даатгуулна гэж заасан байгаа тул нийгмийн даатгалын шимтгэл заавал төлөх үүргийг Ажил олгогч болон даатгуулагч хүлээнэ.

Нэрийн дансны эхний үлдэгдлийг нөхөн тооцуулж болно

-Нэрийн дансыг хаана, ямар журмаар нээлгэх вэ?  Нэрийн дансны эхний үлдэгдлийг тооцуулаагүй бол нөхөн тооцуулж болох уу?

-Монгол Улсын Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулинд 1960 оны 1 дүгээр сарын 1 ба түүнээс хойш төрсөн Монгол Улсын иргэн, тус улсад байнга оршин суугаа гадаадын иргэн болон харьяалалгүй хүнд нэрийн данс нээнэ гэж хуульчилсан. Нэрийн дансны дугаар нь тухайн даатгуулагчийн регистрийн дугаар байна.

Нийгмийн даатгалын тухай хуульд заасан журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр ажиллаж буй даатгуулагчийн нэрийн дансыг байгууллагаар нь дамжуулан нээнэ.

Харин нийгмийн даатгалд хамрагдаагүй тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн болон сайн дураар даатгуулагч нь оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ нийгмийн даатгалын байгууллага/ байцаагч/ дээр өөрийн биеэр ирж нэрийн дансаа нээлгэнэ.

Нэрийн данс нээлгэж буй  даатгуулагч иргэн 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө шимтгэл төлж, ажилласанд ногдох шимтгэлийг тооцуулаагүй орхигдуулсан байгаа бол  уг хугацаанд  ногдох шимтгэлийг Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд заасан журмын дагуу нөхөн  тооцуулж, нэрийн дансны эхний үлдэгдэл/гарааны/-д   бүртгүүлж болно.

Үйлдвэрлэлийн осолд тооцно

Өглөө ажилдаа ирж явахдаа автын осолд өртсөн. Энэ ослыг үйлдвэрлэлийн осолд оруулж тооцох уу?

-Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний  тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль болон  Засгийн газрын 2009 оны 14 дүгээр тогтоолд  “ажилдаа ирэх, буцах замдаа аливаа тээврийн хэрэгслээр буюу явган явж байхдаа …” осолд өртсөн тохиолдлыг  үйлдвэрлэлийн осолд тооцохоор заасан.

Тэгэхээр даатгуулагчийн ажилдаа ирж байх хугацаанд автын осолд өртсөн тохиолдлыг энэхүү хууль, тогтоолд заасны дагуу үйлдвэрлэлийн осолд оруулан тооцно.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУЛТ ХАРИУЛТ

1.    Даатгуулагч рашаан сувиллаар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх үү?

Даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагатай эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий  рашаан сувиллаар үйлчлүүлсэн тохиолдолд  өвчний оношоос хамааран тухайн рашаан сувилалд эмчлүүлэх төлбөрөөс 74000-74390 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ.

2.    Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй иргэн  амбулаторийн  тусламж, үйлчилгээ авбал яах вэ?

Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй иргэн амбулаторийн төлбөрөө өөрөө бүрэн хариуцан төлнө.
Харин эрүүл мэндийн даатгалд даатгуулсан тохиолдолд амбулаторийн тусламж, үйлчилгээний төлбөрт 10500-11340 төгрөгийг тухайн даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан эмнэлэгт нь төлдөг.

 

3.    ЭМД-тай хүнд шинжилгээнүүдийг үнэ төлбөргүйгээр хийх үү?

Даатгуулагч өвчний учир эмчийн заалтын дагуу 36000 төгрөг хүртэлх төлбөрийн оношлогоо, шинжилгээ хийлгэх эрхтэй.

 

4.    Шинжилгээ үнэгүй хийгдэж байгаагаас өөр урамшуулал үзүүлдэг үү?

Эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар даатгуулагч дараах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг даатгалын сангаас төлүүлэх эрхтэй:

  • Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ
  • Амбулаторийн тусламж, үйлчилгээ
  • Оношлогоо, шинжилгээ
  • Өдрөөр эмчлэх тусламж, үйлчилгээ
  • Нөхөн сэргээх эмчилгээ
  • Хөнгөвчлөх эмчилгээ
  • Уламжлалт эмчилгээ
  • Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт

 

5.    Эрүүл мэндийн даатгалаа төлсөн хэрнээ эмнэлэгт хэвтэхэд нэмэлт төлбөр төлдөг.  Энэ ямар учиртай вэ?

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар шимтгэлээ төлсөн  ажил хөдөлмөр эрхлэгч, малчин, оюутан, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл, бүсийн оношлогоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 10 хувийг, улсын хэмжээний үйлчилгээтэй клиникийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 15 хувийг өөрөө хариуцан төлнө, үлдсэн 85-90 хувийг нь эрүүл мэндийн даатгалын сангаас төлнө. Үүнээс өөр нэмэлт төлбөр төлөхгүй.

 

6.    Эмийн үнийн хөнгөлөлтийн талаар тодруулж өгнө үү. Хаанаас авдаг вэ, аль нэг дурын эмийн сангаас авч болох уу?

Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан бол та аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын зөвшөөрөлтэй даатгалын гэрээ бүхий эмийн сангуудаас өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 132 нэр төрлийн 339 эмээс үйлчлүүлэх эрхтэй. Эдгээр эмийн төрлөөс нь шалтгаалан үнэд нь 5-94 хувийн буюу 120-18000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

 

7.    Эрүүл мэндийн даатгал төлж байх хугацаанд хэдэн удаа бүрэн үзлэгт хамрагдах боломжтой вэ?

Даатгуулагч та эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлсөн боловч дараалсан 3 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэг үйлчилгээ аваагүй бол таныг эрүүл мэндийн бүрэн үзлэгт нэг удаа орох эрхээр урамшуулна.

Даатгуулагч та урамшууллын нөхцөлийг хангасан бол харъяа аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст эрүүл мэндийн даатгалын гэрчилгээтэйгээ очиж, хүсэлтээ гаргаж болно.

 

8.    Даатгалтай байх, даатгалгүй байх 2-ын ялгааг тайлбарлаж өгөөч?

Хэрвээ та эрүүл мэндийн даатгалд даатгуулсан бол эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухайлан тогтоосон тарифын 10-15 хувийг  өөрөө төлж, 85.0-90.0 хувийг эрүүл мэндийн даатгалын  сангаас  төлүүлнэ. Та даатгалгүй бол зардлыг өөрөөсөө бүрэн төлнө. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын бусад бүх үйлчигээний төлбөрийг та өөрөө хариуцна.

9.    Даатгуулагч эмнэлэгт хэвтэхдээ эм тарианд зориулж өөрөөсөө мөнгө гаргасан бол буцааж олгогдох уу?

Эмнэлэг даатгуулагчийг хэвтэн эмчлүүлэх хугацаанд зайлшгүй шаардлагаар өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа ороох боох материалыг өөрөөр нь гаргуулж хэрэглэсэн, мөн хэвтэж эмчлүүлэх хугацаанд лабораторийн шинжилгээ төлбөртэй хийсэн бол уг эм тарианы үнэ болон шинжилгээний төлбөрийг даатгагчид бүрэн нөхөн олгох үүрэгтэй.

10. Гадаадад эмчлүүлсэн иргэнд эрүүл мэндийн даатгал хамаарах уу?

 Эрүүл мэндийн даатгал нь зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан төлдөг.

11. Шинэ төрсөн хүүхдэд эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ хэрхэн авах вэ?

16 хүртэлх насны хүүхдэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг төрсний гэрчилгээгээр нь үзүүлдэг. Иймээс 16 хүртэлх насны хүүхэд эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ авах шаардлагагүй.

12.  Даатгуулагч эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар хичнээн төгрөгийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй вэ?

 Та эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар жилд 1328000 төгрөг хүртэлх тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх эрхтэй.

13. Оюутан сурагчид эрүүл мэндийн даатгалд яаж хамрагдах вэ?

 Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд заасны дагуу их, дээд сургууль, коллежийн өдрийн ангийн суралцагчдын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2012 оноос эхлэн төрөөс хариуцаж байна.

Харин их, дээд сургууль, коллежийн өдрөөс бусад хэлбэрээр суралцагч, МСҮТ-ийн оюутнууд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан жилдээ 8040 төгрөг төлнө.

14. Тархинымэсзасалдороходмашихзардалгардаг. Үүнийгдаатгалаас хариуцах уу?

Эрүүл мэндийн даатгалын сангаас оношийн хамааралтай бүлгээр санхүүжүүлэх төлбөрийн аргаар буюу даатгуулагчийн өвчний онош, өртгийн жин нэг даатгуулагчдад ногдох зардлын хэмжээг баримтлан төлбөр төлдөг.

Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээний төлбөрт оношийн бүлэг, өртгийн жингээс хамааран 116400-643272 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн тусламж, үйлчилгээ үзүүлсэн эмнэлэгт даатгуулагчийн өмнөөс төлдөг. Хэрэв даатгуулагч улсын эмнэлэгт “Тархи нугас, захын мэдрэлийн мэс засал”  (“G00-G99” оношийн код) хийлгэсэн тохиолдолд 557544 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн эмнэлэгт төлнө.

Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол улсын иргэд тэтгэврийн даатгалд заавал даатгуулна

-БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол Улсын иргэн нийгмийн даатгалын шимтгэлийг яаж төлөх вэ?

-Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4-т “хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн” нь нийгмийн даатгалд заавал даатгуулахаар заасан  юм.

Мөн нийгмийн хамгааллын тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол Улсын иргэд тэтгэврийн даатгалд заавал даатгуулна.

БНСУ-д хөдөлмөрийн  гэрээгээр ажиллаж буй Монгол Улсын иргэн нь Солонгос улс дахь нийгмийн даатгалын төлөөлөгчийн газартай “нийгмийн даатгалд даатгуулсан тухай гэрээ /НД№/-г байгуулж, сертификат авч тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж эхэлнэ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2008 оны 12 дугаар сарын 5-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол Улсын иргэний сард төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг 40 000 вонноор тогтоосон.

Энэ тогтоолын дагуу гэрээ байгуулсан Монгол Улсын иргэн  БНСУлсын “Корей эксченж”, “Шинхан”, ”Woory” банкин дахь тэтгэврийн даатгалын харилцах дансанд 40 000 вонныг сар бүр  өөрийн нэр дээр төлж тооцоо хийнэ.

Оюутнууд сургуулийнхаа харьялагдах нутаг дэвсгэрийн нийгмийн даатгалын хэлтэст хүсэлтээ гаргана

Оюутан, суралцагчид хэрхэн шимтгэлээ төлүүлэх вэ?

-Оюутан, суралцагчид суралцаж байгаа  их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийнхөө байрлах нутаг дэвсгэрийн харъяа нийгмийн даатгалын байгууллага, байцаагчид Хүний хөгжил сангаас эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлүүлэх хүсэлтээ гаргана. Тухайн сургууль өдрийн ангийн суралцагчдын бүртгэлийн жагсаалтыг гарган харъяа нийгмийн даатгалын хэлтсүүдэд хүргүүлнэ.